Tuesday, October 12, 2010

МАХАБӨРТЭ

Эрт урьд нэгэн цагт даяанч мэргэд ойн цоорхойд цуглаад эрт дээр үеийн үлгэр домог дуулагч Суути-д хандан “Үлгэрч ээ, Бөртэ чонын удмын тухай их домгоо бидэнд ярьж өгөөч, эртний баатар эрсийн эрэлхэг гавъяа, хүч ихт хаадын удам угсаадын дайсагнал мөхлийн тухай, Куругийн талд болсон цуст тулалдааны тухай ярьж өгнө үү гэжээ. Суути туйлч эрхэмсэг өтгөст хүндэтгэлээ илэрхийлэн мэхэсхийснээ газар дээр залран бууж тэдэнтэй зэрэгцэн суугаад түүхээ ярьж эхлэв.
<Ариун хүмүүсээ, эрт үед улс гэрийг маань ёс шударга, үйл сайнтай боловч ан гөрөөнд хэт хорхойтой Барагшатсан гэдэг хаан ачлан захирч байжээ.                      
Тэр хаан, шархадсан нэг гөрөөс мөшгөн мөрдсөөр ойн гүн төгөлд оржээ. Цааш явсаар ойд суугч авган даяанч дээр ороод очжээ. Даяанч нь үхрийн саравчинд үг ч үгүй, хөдөлгөөн ч үгүй сууна. “Хөөе бярман, шархтай гөрөөс үзэв үү?” гэж хаан асуудаг байна.
Гэтэл даяанч хариу огт өчсөнгүй: Тэр бол хэзээ ч дуугарагүй гэж бурханд нэгэн цагт андгайлсан юм байж, тэгж андгайлснаасаа хойш цорын ганц ч үг хэлээгүй ажээ. Хариу өчсөнгүйд нь хаан хилэгнэн, үхсэн могой газар дээр хэвтэж байхыг харж нумныхаа үзүүрээр түүнийг өлгөж аваад өвгөний мөрөн дээр дамнуулан хаяжээ. Гэсэн ч даяанчын амнаас сайн, муу үг аль нь гарсангүй.
Барагшат хааны урам хугарч уур нь гараад хотдоо буцжээ. Мэргэн даяанч мөрөн дээрээ могой тохоостой суусан хэвээр үлджээ.
Тэр өвгөн даяанч ер бишийн их шидтэй нэг хүүтэй байжээ. Юм бүхэн түүний хэлсэн үгээр бүтнэ. Эцгээр нь тэгж доог тохуу хийснийг мэдэж хилэгнэсэндээ Барагшат хааныг: “Барагшат чамайг долоо хоноод хорт могой Такшака хөнөөж, үхлийн бурхан Ямын оронд тонилгог” гээд хараачихсан ажгуу.
Хаан, тийм хараал хийснийг нь сонсоод айхын эрхэнд зөвлөх түшмэдээ цуглуулав гэнэ. Эзэн хаанд нүүрлэсэн энэ цээрлэлээс яаж мултрах ухаан сийлцгээжээ. Барагшат хаан нэн даруй өндөр багана босгон түүнд дээр орд барих зарлиг буулгажээ.
Тэр ордыг өдөр шөнөгүй харгалзагч нар нүд цавчилгүй хамгаалан сахижээ. Увьдаст эмч, могой хөнөөгч нар хааны дэргэдээс ганц ч алхам холдолгүй дагажээ. Барагшат хаан өндөр баганан дээр барьсан ордноосоо долоо хоног цухуйлгүй, зөвлөх түшмэдүүдээрээ хүрээлүүлэн улс орноо захиран суужээ.
Яг долоо хоног дээр нь үл таних бярман нар хааны зоогонд зориулан ус, үр жимс авчирчээ. Тэр орой Барагшат хаан өөрийн анд нөхөд, зөвлөх түшмэдүүдийнхээ хамт амарч байснаа гэнэт тэр авчирсан шинэхэн жимснээс амсмаар санагджээ. Тэгээд өөрөө нэг жимс авч бусдыг нь зөвлөх түшмэдүүддээ өгөв. Хааны авсан жимсэн дээр хархан нүдтэй, зэсэн өнгөтэй жижигхэн өт үзэгджээ. Барагшат хаан инээд алдаад: “Нар нэгэнт жаргаж байна. Өнөөдөр могойн хорноос айх юм үгүй боллоо. Намайг энэ муу өт хазвал хазагдаа. Даяанчийн хараал ингэж биелэг л дээ!” гэж хэлээд өнөөх өтийг шилэн хүзүүн дээрээ тавив.
Тэгтэл ч өчүүхэн тэр өт юу юу үгүй асар том могой болон хутирч байхыг түшмэд нь хаван сүнс нь зайлах дөхжээ.
Тэр бол доод тивд байдаг хамгийн аймшигтай, хорлонтой могой Такшака агаад хяхтнан дуугарч эвхрэлдэн хөдлөөд Баракшатыг ороогоод авчээ. Могойн хяхтнах чимээ гарч хаан нь үхлийн саварт орсныг хармагцаа хамаг түшмэд нь орь дуу тавьцгаан тал бүр бутран зугатжээ. Такшака могой тэнгэрт галан зам татуулан талийж байхыг уй гашууд автсан тэд олж харав. Барагшатын ордон ч Такшакын халуун хорын нөлөөгөөр шатаж эхлээд улалзсан дөлөнд нь аянганд ниргүүлсэн юм шиг нурж эхэлжээ.
Баракшатын насан эцэс болсон хойно түүний хүү Жанемежая улсын эзэн болов. Хорон санаат могой хэрхэн хааны ордрнд орж ирээд хааны биеийг харсаар байтал шатааж байсныг түшмэд нь хожим хүүд ярьж өгөв. Жанемажая үүнийг сонсоод Такшака болон ер нь могой төрөлтнөөс өс хонзонгоо яавч авна гэж шийджээ. Тэгээд тахилын ширээ босгож могойг бүгдийг нь, ганцыг ч үлдээлгүй бурханд зориулан золигт гарга гэж лам нартаа зарлиг болгожээ.
“Миний эцгийг хорын галаар хэрхэн шатаасны адил би тэр гэмт Такшакыг садан төрлийнх нь хамт бүгдийг шатаахыг хүсч байна!”  гэж Жанамежая хэлжээ.
Бярмангууд тахилын ширээ босгож ариун гал асаан, хав хар хувцас өмсөөд утаанд улайрсан нүд гаргацгаан ид шидэт тарни уншиж могойнуудыг түүдэг галынхаа дөл рүү хаяж байлаа.
Том, жижиг, хар, хөх, шар янз бүрийн могой хяхтнан дуугарч эвхэрч ороолдсоор түүдэг рүү орж байхыг хаан Жанамежая зөвлөх түшмэдийнхээ хамт тахилын ширээний дэргэд хараад сууж байв. Могойг олон өдөр шөнө шатаасан бөгөөд хэрэв тэднийг бурхан өрөвдөж хайрлаад Жанамежаяг тахилга хийхийг нь зогсоогоогүй бол бүх могой галд шатаад дуусах байсан юм.
Тэр их тахилын үеэр алдар цуутай олон бярман, эрт урьдын үлгэр домог мэдэгчид нүүр учирсан ажээ. Тэднийг, могой шатааж байсн тахилгын ширээ тойрон хааны хажууд сууцгаахад Жанамежаяд Бөртөэ чонын удам төрлийн тухай домог сонсмоор санагджээ. Тэр домгийг мэргэн Вайшампаяна, хаанд яаж ярьж өгсөн яг тэр янзаар нь одоо Суути би та нартаа ярьж өгье гэжээ.
Эрт урьдын цагт алдар цуу их, баян чинээлэг Хастынбуйр хотыг Бөртэ чонын дээд овгийн хаан сохор Түртөрбаригч эзлэн суужээ. Түүний захиран суусан улс гүрэнд амар тайван, өлзий буян үлэмж байсан учраас Шива бурханы соёрхолоор хааны хатан Гандари зуун сайн хүү төрүүлжээ. Харин хөвгүүдийг эрийн цээнд хүрч, зэр зэвсэгт сургах цаг болоход алдар гавъяа нь дуурссан бөгөөд цэрэг дайны ухаанд нэвтэрхий сайн мэдэх тийм багш нарыг хайж олох сурал болжээ.
Зориг төгөлдөр дайчин эрс, улс гүрний дотор олон байвч, хааны хөвгүүдийг сургах хувьтай нь амар олдмонгүй.
Нэг өдөр хааны хөвгүүд хотын том хаалганы модон бөмбөгөөр тоглож байгаад тэрнийгээ худагт унагаажээ. Худаг нь гүн байсан учир тэднүүс бөмбөгөө гаргаж авч эс чадав. Тэгтэл нэг үл таних дайчин эр тэднүүсийн дэргэд хүрч ирээд инээмсэглэн хэлсэн нь: “Та нар чинь Бөртэ чонын удам гэж байж зэр зэмсгээ эзэмшиж байгаа тань аль вэ? Худагт бөмбөгөө унагаачихаад гаргаж авч чадахгүй юм бол та нар чинь юуны нь баатар эрчүүл байх вэ? Зэвсэгээр юу хийж болдгийг та нар харж бай л даа!” гээд өнөөх үл таних хүн жадаа худаг руу хаяж бөмбөгөнд нэвт шаав. Дараачийн жадыг маань эр шидэхдээ түрүүчийнхтэйгээ угсран залгаж бас дараачийнхийг нь шидэхдээ дундахтайгаа угсран залгав. Энэ мэтээр залгаж шидсээр байгаад нэг их урт юм болгочижээ. Тэгээд мань овжин ухаант тэр урт юмаа худгаас татаж бөмбөгийг нь гаргаж ирээд мэл гайхаж хоцорсон тэр хэдэн жаалд өгчээ.
Хүүхдүүд юу болсон тухайгаа ордонд ярихад тэдний үеэл ах өвгөн Бишма, тэр хүн зэр зэмсгийг хамгийн сайн мэддэг, цэргийн эрдэмд боловсорсон Дрона мөн гэж мэдэв. Тэгээд Бишма, Дронаг дуудуулж авчраад Түртөрбаригчын хүүхдүүд болон Панпугийнханд багшлуулах болжээ.
Панду бол Түртөрбаригчийн дүү юм. Тэр хүн залуудаа бие барж Оюутайвантөр,     Бимасена, Ариунаа, ихэр гарсан Накула, Сахадева ийм таван хүү өнчин хоцорчээ. Ихэр нь Пабага хатан Мадригаас гарчээ. Эр нөхрийнхөө оршуулгын түүдэгт шатаалгахдаа хоёр хүүгээ гурван ахынх нь эх Кунтид орхиод явжээ. Хүүхдүүд нь эцэгээ нас барсан хойно Түртөрбаригчийн тэдний хүүхдүүдтэй хамт өсчээ. Пандугийн хүүхдүүдийг эцгийнх нь нэрээр Пандугийнхан гэж, Түртарбаригчийн хүүхдүүдийг Каурынхан гэж тэдний элэнц Куругийн нэрээр дуудах болсон юм.
Тэгээд тэр хүүхдүүдэд Дрона зэвсэг эзэмших сургууль заах болжээ. Тэднийг тэргэн дээрээс, явган байлдах, илд ба балтаар байлдах, жад, хануур жад шидэх, нум сум харвахад сургаж байлаа. Дронагын шавь нарын дотроос ах дүү Каурын хамгийн их нь болох Дуройдхана болоод Бимасена хоёр балтаар тулалдахад онцгой шалгарч байхад, ихэр хоёр нь илд эзэмших талаараа бусдыгаа дагуулахгүй байжээ. Түртөрбаригч тэргэн дээрээс тулалдахдаа хамгийн сүрхий нь байсан боловч бүгдээс илүү нь Ариуна байв. “Хөвгүүд чинь цэрэг дайны ухааныг эзэмшлээ. Одоо тэдний уран чадварыг үз гэж Дрона хаанд хэлэх нэг өдөр иржээ. Хааны сэтгэлд тааламжтай байсан учир: Дрона, чи агуу их үйлийг бүтээжээ. Хэзээ, хаана, ямар өдөр цаг товлохоо сонгож хэлээд тэмцээн явуулахыг зарлиг болго гэжээ.
Зарц нар, Дронагийн заавраар мод, бут сондуулгүй тэгш тал газар сонгон олж, тэнд нь хаан болон ордныхонд зориулан дархчуулаар алт, эрднийн чулуу, сувдаар чимсэн гайхалтай сайхан байшин бариулж, хоёр жигүүрээр нь баян хүмүүст майхан, хөдөөний хүмүүст урт урт сандал засч өгчээ. Тэмцээн болсон өдөр индрүүд болон тэмцээний талбай тойрон шаасан майхнуудаар үй олон хүн пиг дүүрчээ. Хаан ба түүний бараа бологсдыг суудлаа эзэлсний дараа тавцангийн яг дунд Дрона цав цагаан хувцастай гарч ирэв. Хуяг дуулга өмсч, илд, нум, саадаг дүүрэн сум агссан хүчирхэг дайчид, багшийнхаа дохиогоор үзэгчдийн өмнө гарч ирж байлаа. Тэд зэр зэвсгээ аль хэр эзэмшиж чадсанаа насныхаа эрэмбээр гарч ирж үзүүлж байв. Хөлөг мориныхаа хар хурдаар давхих явдал дунд онох гэсэн зүйлээ алдалгүй онож байна. Дараа нь тэд илдээр яаравчлан тулалдахад үзэгчид тэдний авхаалж самбаа тэвчээрийг бүгд нүдээр харжээ.
Илдээр тулалдсаны эцэст Дуройдхана, Бимасена хоёр балтаар халз тулалдав. Хоёул улангассан арслан шиг болж гардан тулалдахдаа бие биендээрээ хүчтэй цохилт буулгаж байв. Үзэгчдийн зарим нь Пандугийнхны талд орж зарим нь Каурийнхныг зоригжуулах гэж хашхиралдан шуугилдаж эхлэв. Тэр хоёрын тулалдаан маш ширүүсч, зон олны үймээн их болсон учраас Дрона тэр халз тулааныг зогсоосон юм.

No comments:

Post a Comment